Үржлийн 19 толгой үхрийг өөртөө болон бусдад давуу байдлаар олгожээ

АТГ өнгөрсөн долоо хоногт буюу зургаадугаар сарын 8-14-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 130 өргөдөл, гомдол хүлээн авч шалгажээ. Үүнээс 23-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 21-т нь хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 86 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн мөрдөн байцаалтын шатанд байгаа 1030 эрүүгийн хэргээс 16-г нь шүүхэд шилжүүлэх, 23-ыг нь хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Одоогоор АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд 988 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн хэргүүдийн дунд төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан ажлын хэсгийн даргаар ажиллахдаа бусадтай хамтран үржлийн 19 толгой үхрийг өөртөө болон бусдад давуу байдлаар олгосон хэрэг багтжээ. Ингэснээр хувийн ашиг сонирхлоо хангаж, улсад 221.9 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна.
Түүнчлэн олон удаагийн худалдан авалтын үеэр өөртэй нь хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон байж болзошгүй үйлдлийг мөн мөрдөн шалгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.