У.Хүрэлсүх: УИХ бол гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, нийгэм, эдийн засаг болон бусад асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
Хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт ахиц дэвшил гарч, ард иргэд, баялаг бүтээгчид, төр, засаг хамтдаа хичээн зүтгэсний үр дүнд эдийн засаг 6.8 хувиар өсөж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 7,000 ам.долларыг давж, худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, зээлжих зэрэглэл түүхэн дээд түвшинд хүрлээ.
Төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан аливаа албан тушаалтанд зохих хариуцлага тооцдог зарчим барьж ажиллах нь зүйтэй.
Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл, өргөн дэмжлэг дор УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг умартан, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцах аваас Үндсэн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд, сонгогч олон төр, засгаасаа шахаж шаардаж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтэй Та бүхэн санал нийлэх байх.
Хэрэв та ард түмнийхээ итгэл, сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй.


