“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийн ялыг гурван жил болгон багасгалаа

9

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Ногоон автобус”-ны гэх тодотголтой, 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэж, өчигдөр магадлалаа танилцууллаа.
Энэ хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэж, Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нарыг цагаатгасан. Давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн гэж дүгнэсэн байна. Мөн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарт гурван жил хорих, албан тушаалтан С.Бямбасүрэнд хоёр жил зорчих эрх хязгаарлах ял оноосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн. С.Бямбасүрэнгийн зорчих эрх хассан ялыг нэг жил зургаан сар болгож хөнгөрүүллээ. Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал А.Ганхуягийг залилах, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, нийтийн албан тушаалтнууд болох А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, О.Сүхбаатар, О.Хонгорзул нарыг гэм буруутайд тооцохдоо хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гээд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын А/157 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг “Тэнүүн-Огоо” ХХК-иас их багтаамжийн автобусны дизель хөдөлгүүр “Евро-2” стандарттайгаар санал ирүүлж, техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцээгүй байгааг огт шалгаж үзэлгүй шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг гаргахад С.Жавхлантбаатар нөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн аж. Гэвч нэр бүхий шүүгдэгч нар зориуд санаатай үйлдлээр дээрх нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, тэдгээрт хэн нэг этгээд нөлөөлсөн, мэдсээр байж “Тэнүүн-Огоо” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх үйл баримт, үндэслэл тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Харин шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хэмээн Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсгийн “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэн түүнд заасан торгох болон зорчих эрх хасах ял оноов.
“Тэнүүн-Огоо”-гийн ерөнхий захирал А.Ганхуягийг залилан мэхэлсэн гэм буруутайд анхан шатны шүүх тооцоод байсан ч давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн түүнийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Ингэхдээ БНСУ-ын иргэн “Иктае” компанийн ерөнхийлөгч Ким Кэа Баум, “Воннам Жи Эл Эс” компанийн захирал Ли Жон Соб, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын нэгдсэн үйлдлийн үр дүнд “Евро-2” хөдөлгүүртэй автобусанд “Adblue” төхөөрөмжийн банк суурилуулаад “Евро-5” гэсэн бичиглэл бүхий наалт наасан нь тогтоогдож байна. Энэ нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө ашиг олох шунахай сэдэлтээр, хариу төлбөр хийхгүй, буцаан өгөхгүй байх санаа зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Харин “Тэнүүн Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь нийслэлийн ЗДТГ-тай байгуулсан гэрээгээр өөртөө олж авсан давуу байдлаа хамгаалах зорилгоор стикер наах, хүхрийн агууламж бууруулах зориулалтын төхөөрөмж суурилах үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг эрх ашигт халдаж, хохирол, хор уршигт хүргэсэн байна. Яллаж буй үндэслэлд дурдсан зөвхөн “Евро-5” хөдөлгүүртэй автобусанд суурилуулах төхөөрөмж байсан гэж дүгнэх нотлох баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, талуудын гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний зарим хэсгийг хэвээр үлдээсэн, зарим хэсэгт хугацаатай үүрэг өгсөн, зарим хэсгийг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд захиалагч талаас гэрээ цуцлагдсан хэсгээр хохирлыг тооцон акт үйлдэж гаргуулан авсан байх тул шүүгдэгч А.Ганхуягт холбогдох хэргээс залилан мэхэлсэн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноор гурван жилийн ялыг нь хасаж буй юм. Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар иргэд шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхтэй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын үзвэрийн танхимын түрээсэнд 26 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар болсныг хүчингүй болголоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn