Хунтайж Уильям ширээнд суусныхаа дараа хаант засаглалыг шинэчилнэ

2

Apple TV+ сувгийн The Reluctant Traveler нэвтрүүлэгт Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям оролцлоо. Хунтайж Уильямтай Канадын жүжигчин Евгений Леви ярилцжээ.
Тэдний ярилцлага мянган жилийн түүхтэй Виндсор шилтгээнд эхэлсэн байна. Хунтайж Левитэй уулзахаар ирэхдээ цахилгаан скүтер унан иржээ.
Ярилцлага хаант засаглалын ирээдүй, гэр бүл зэрэг хэд хэдэн чухал сэдвүүдийг тойрсон байна. Энэ удаад хунтайж Уильям урьд өмнөх ярилцлагуудыг бодоход илүү нээлттэй, хувь хүн рүүгээ чиглэсэн чөлөөтэй байсан нь нэвтрүүлгийн үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Евгений Леви алдарт “Америк бялуу” цувралд тоглодог. Хунтайж уг цувралын шүтэн бишрэгч гэдгээ хэлж, Левитэй уулзахад таатай байгаагаа илэрхийлсэн байна.
Хунтайж Уильям III Чарльз хааны дараа хаан ширээг залгамжлах хүн юм. Тэрээр хаан болсныхоо дараа томоохон өөрчлөлт шинэчлэл хийхээр төлөвлөсөн гэдгээ ярьжээ. Тэрээр “Миний гол анхаарлаа хандуулж байгаа зүйл бол өөрчлөлт гэдгийг хэлэхэд зүгээр гэж бодож байна. Би өөрчлөлтөд дуртай. Өөрчлөлт бол сайн зүйл. Хэт радикал биш ч гэсэн төлөвлөж байгаа хэд хэдэн өөрчлөлт байна” гэж ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Уламжлал чухал хэдий ч зөв замаар үргэлжлэх ёстой гэж үздэгээ Уильям ярьжээ.
Хунтайжийн угсааг түүний том хүү Жорж залгамжлах юм. Уэльсийн хунтайж Уильям хүү Жорждоо бахархал төрүүлэхүйц хаан ширээг үлдээхийг хүсэж байгаа гэдгээ хэлжээ. Уильямын дараа хаан болох хувь заяатай ханхүү Жорж өнгөрсөн зун 12 нас хүрсэн билээ.
Мөн хунтайж гурван хүүхдэдээ одоо болтол гар утас хэрэглүүлдэггүй. Учир нь өөртөө болон дүү Харридаа тохиолдсон зүйлсийг хүүхдүүдэд мэдрүүлэхийг хүсдэггүй гэсэн байна. Тэдний ээж Уэльсийн гүнж Дианатай холбоотой хэвлэл мэдээллийн дарамт тэдэнд нөлөөлдөг байсныг хуваалцжээ.
Түүнчлэн Уильямын хувьд өнгөрсөн 2024 он амьдралынх нь хамгийн хүнд жил байсныг ярилаа. Уильямын эхнэр Кэтрин болон түүний аав хаан Чарльз нар хорт хавдар туссан. Тэд эмчилгээгээ амжилттай хийлгэж, даван туулсанд нь үнэхээр их бахархаж байгаа гэдгээ Уильям ярьсан байна. Хүүхдүүд нь ч мөн хүнд цаг үеийн даван туулахад гайхалтай байсан гэдгийг тэрээр ярилцлагынхаа төгсгөлд хэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд skhd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Songino.nutag.mn